Эр хүн шиг байцгаая аа хөө

(хошигнол)

Ц.Нямдорж сайд залуу гишүүн Ж.Сүхбаатараа боогоод унагаачихаж. Монголын нэг номерийн хуульч, гуулиа цухуйлгасан сайд Ц.Нямдорж нь Ж.Сүхбаатар хэмээх пээдгэр пацаан тарлааменчийг ахын ёсоор сургаж, энгэр заам нь задгай явж болохгүй хэмээн хүзүүгийн боож өгөө л биз. Хуулийн хилийг зөрчсөн хэний ч өлмийг зад дэвсэх үүрэгтэй атаман тарлааменчийн үгийг тоогоогүй хэнэггүй хүүхдэд сургааль айлдсан нь зөв. Энгэр заам нь задгай явж байгаад даарч хөрвөл тарлааменчийн халдашгүй дархан эрх нь хөндөгдөнө гэж санаа зоволгүй яахав.  Харин нөгөөх нь хөгийн зан гаргаж матдаг байна ш дээ. Аан. Эр хүн шиг байж чадалгүй элдэв юм хэвлэлээр яриад байгаа юм даа. Эр хүн шиг л байл даа. Эр хүний ёсоор шангаа биш шүү шанаагаа өгөлцөж авалцаад байсан Хүрэлсүх чинь Гурилсүх болоогүй Ху намын дарга болтлоо дэвшиж байна.  Хууль, ёс зүй гэж худал ярихгүй байвал тушаал дэвшээд Ху намын ерөнхий болдог бэлэн жишээ байна шүү дээ. Цагдаа тааралдаад олон юм яриад байвал мань хүн шиг бүлдэгдээд л унагааж байх хэрэгтэй.

Бас Шоронгийн “сайн эрс” –ийн гашуун туршлагыг сайн судал. Тэнд чинь эр хүн шиг байж чадаагүй хууль ёс ярьсан, гомдол мэдүүлсэн “гаруудаас” болж хохирсон үзэл бодол нэгтэй андууд чинь байна. Зарим нь эмэгтэй хүнтэй эр хүн шиг ярьчихсанаас болоод чичлүүлээд л сууж байгаа гэсэн. Муусайн хүүхнүүд эр хүн шиг байж чаддаггүйгийн мэддэггүй. Хэдэн төгрөг өгөөд тохирч чаддаггүй үгүй мөн гэнэн байна даа.

Эрхэм гишүүд минь эр хүн шиг яриад дийлэхгүй бол хэдэн булиа бас тэгээд булай нөхдүүдийг хөлсөлж аваад цаад дургүй хүргэсэн намын нөхөртэйгээ яриулдаг туршлага заримд чинь байдаг ш дээ. Тэднээсээ асууж сайн лавла. Намын зорилго нэгтэй нөхөр чинь ч гэсэн эр хүн шиг ярьдаг нөхдүүдээ хөлсөлж өөдөөс чинь үзэлцүүлж магадгүй. Гэхдээ яадаг юм. Өөрсдөө зодолдсоноос аюулгүй байдлын хувьд хамаагүй дээр тиймээ.

Ху намаас гарсан ерөнхий сайдууд гэж сүржин яриатай даржин эрчүүд байна. Эр хүн шиг л байл даа. Анх гарч ирэхдээ л сахилга хариуцлага, ёс зүй, хууль гээд л сүржигнэнэ. Гэхдээ хамтрагч нь ийм асуудал гаргавал том нохойноос айсан гөлөг шиг ганц ч ганхийж чадахгүй юм даа. Хуулийг гэртээ, орондоо эхнэртэйгээ хэвтэж байхдаа л засчихдаг. Бүр завгүй бол ариун цэврийн өрөөндөө суух чөлөөт цагаараа засчихдаг сайдын өөдөөс ч эр хүн шиг ярих хэцүү байхдаа хөөрхий. Дургүй хүргээд эр хүн шиг байж чадахгүй бол сайд гуай нь дорвинкдон л  доо. Өөдөөс өрвөлзөөд байгаагийн байтугай зугтааж байсныг нь 7 сарын нэгэнд буудаж болсон юм чинь. Бүүр дургүй хүргээд байвал тэр Сүхбаатарт хэргийн газраас оргон зугтаах гэж оролдсон гээд ял өгч болох хувилбар бас байна. Нямдоржийг бооход унаад өгсөн гэнэ. Хэргийн газраас зугтаан зайлах л гэсэн байна ш дээ тэр золиг. Тэгээгүй бол байрнаасаа хөдлөхгүй зогсож л байх ёстой л доо. Эрхэм гавьяат гуульч ямар хуулийг засаж чадахгүй биш тэр тал дээр нь ажилаад яллалчихаа мэдэх байлгүй дээ.

Дашрамд хэлэхэд Монголын жү-до бөхийн холбооныхон Нямдорж сайдаар мэх заалгавал зүгээр юм байна. Жартай өвгөн 30 хүрж яваа залууг боож унагана гэдэг чинь гахйамшигтай. Мань хүн боох мэхийг нэг бол маш сайн эзэмшсэн үгүй бол Нямдорждох гэсэн боох мэхийн техник шинээр гаргачихсан ч юм бил үү. Ийм сайн мэх мэддэг хүнээр ядаж Жү-до бөхийн холбооны зөвлөх хийлгэвэл Монгол улсад Лондонгийн олимпын алт ойрхон байна даа.

Ер нь Монгол боевик улс төрч ихтэй болсон сурагтай. Тэд маань хурлын танхимд удаан суусан хуян шар усаа тараах хэрэгтэй байлгүй яах вэ. Гэтэл хамаагүй тэгвэл хэрэг төвөгт орчих аюултай юм. Иймд Монголын улс төрчдийг албан ёсоор рингэн дээр зодолдуулж шоу хийвэл юун сумо. Дэлхийд байхгүй шоу болох юм биш үү? Гадныхан ч  их сонирхон ирж үзээд Монгол улс шоу бизнесээрээ дэлхийд танигдана. Бас мөнгө хийж улсын төсөвтөө орлого оруулна. Баруун булангаас УИХ хурлын экс дарга, хууль зүйн сайд, залуу парлиаментчийг амлан авч тамлан хаяж зодолдохоор гар ирлээ гэж цоллоод л, зүүн булангаас залуу тарлиаменч тэр гарлаа гээд цол дуудвал Монгол бөхийн цол дуудахаас илүүтэйгээр хүмүүсийн анхаарал, сонирхолыг татах нь гарцаагүй.

Ё. Гантулга

5 хариулт

  1. yooaaa, onoodor minii uushig neg udaa ch gsn sn tellee, uuniig unshaad. Yer n buh niitleluud chin hund sanaa ogohoor, sedev, butetsiin huvid yarih yumgui boljee. Tgd orj irj unshij bnaa, tnks. Ulam ih amjilt husiye!

  2. Er hun shig baitsgaa, gantulgaa, shalchignasan uym yarihiim daa.

  3. Ta bid hoyoriin er hun gesen oilgolt ih uzruutei yum baina daa.

  4. Goyo bichij

Сэтгэгдэл бичих