Монгол зураг 17

­­­­­­­Галаагийн тархинд Гэрлээгийн хэлсэн ярьсан нь нэг л сайн бууж өгөхгүй байлаа. Түргэхэн машинаа зогсоож байгаад эргэж залгаад тухтай ярья гэв. Удалгүй замын хажуу дахь машины зогсоолд зогсов. Энэ хооронд түүний толгойд есөн жорын юм эргэлдэнэ. Харин утсаар ярьсныхаа дараа Галаагийн царай хачин болж хувирахыг Жаргал анзаараад юу болов яаваа, хэн ярив гэв. Галаа: “Гэрлээ ярьлаа.” гээд дуугаа хураахад Жаргал ихэд гайхсан шинжтэй тийм үү? гээд түүний цааш үргэлжлүүлж ярихыг хүлээн дуугаа хураав. Галаа түүнд Мөөгийд ямар нэгэн муу зүйл тохиолдсон бололтой гэснээ Гэрлээгийн дугаар руу эргэн залгав. 

Гэрлээгийн ярьснаар Мөөгийг тэр хоёрт зодуулсан африкан америк болон түүний хамсаатнууд машиндаа хүчээр чихэж суулгаад аваад явжээ. Мөөгий түүн рүү утасдаж гэрээсээ даруй яв гэж хэлсэн, Гэрлээ гэртээ очихоосоо айгаад буудалд байгаа юм байна тэгээд маргаашнаас таньдаг Монгол айлдаа түр толгой хорогдохоор болсныг мэдэв. Галаа хэсэг зуур балмагдан тэр “хар” хаанаас яаж Мөөгийг олж барьдаг байнаа гэж гайхлаа. Одоо түүнд өөрийн эрхгүй айдас, түгшүүр мэдэгдэж хүний нутаг л бол хүний л нутаг юм гэдгийг өөрийн эрхгүй мэдрүүлнэ. Саяхан л энэ нийгэмд загас усандаа байгаа юм шиг мэдэрч хэзээ нэгэн цагт Монголдоо очих уу, болих уу гэж эргэлзэж байсансан. Хүн жаргалтай сайн явахдаа тэр болгон эцэг, эхээ үгүйлээд байдаггүй шиг, тэгээд өвдөж зовох юм уу ямар нэгэн зүйл болж бүтэхгүй юм болоход эцэг, эхийнхээ элбэрэл хайраа санан дурсдаг лугаа адилаар яагаад ч юм эх орноо гэнэт санагалзан дурсав. Ер нь эхний хэдэн жилдээ Галаа бараг л долоо хоног бүр сэтгэл нь хөрвөж нэг бол нутагтаа буцах, үгүй бол суугаа газраа үлдэнэ гэж байнга сэтгэл нь хувирчихсан явдаг байж билээ. Америк орон байгаль шигээ, өвөл шигээ өнөтэй, зөөлөн элбэрэлтэй мэт боловч амьдралын сайн муу зүйлүүд нь ногоон өвлийн цастайгаа адил эрс тэс харагдана. Ямар ч байсан арайхийж Гэрлээг тайвшруулах хэд гурван үг хэлчихээд хэсэг амьсгаа аван газар суув.

Тэртээ доор уулын нугачаагаар догшин ширүүн гол багтаж ядан оволзно. Тэнгэр бүүдийж нар далд орон бороо орох шинжтэй болжээ. Каскадын нуруунд номхон далайгаас ирсэн үүлнүүд тогтон хур тунадас болж орох нь энэ газар нутгийг гол, мөрөн элбэгтэй, ой мод ихтэй баян тансаг нутаг болгосноор нэгдсэн улсын ан агнуур, загас жараахайн гол бүс нутаг болгосон юм. Галаагийн очих гэж байгаа Вашингтон мужийн хойд талын ялангуяа далай эргийн хэсэгтээ хур тунадас ихтэй, үүлэрхэг, нартай өдөр нь цөөхөн тул вампиртай зохиолуудад ихэвчлэн энэ мужид үйл явдал болдгоор дүрсэлдэг нь тохиолдол бус. Галаа урьд нь бололцоотой үедээ энэ нутгаар ан ав хийвэл сайхан юмдаа гэж бодож байсан бол одоо энд өөрөө ав хомрогод орчих гээд сууж байдаг. Зүүд гэдэг заримдаа учиртай. Өчигдөр дайруулж буй гөрөөс, үхэл цусны тухай зүүдэлсэний тайлал энэ байж гэж бодов. Яагаад ч юм хүн зүүд, совингоороо болох гээд байгааг юмыг мэдрээд байдаг мэт түүнд санагддаг. Зүүд тэр тусмаа совин гэж юу вэ? Буддын шашинд номлодогоор амьдралын хүрдэндээ эргэлдээд хүний сүнс дахин дахин төрдөг нь үнэн ахул онолын хувьд болох гэж буй үйлдлийг урьдчилан тааварлах бололцоотой, совин бол тэр үйлдэл гэж яагаад болохгүй гэж. Хэрвээ тэгж үзвэл хүний амьдрал, үхэл гэдэг бол юу ч биш, орчлон хорвоогийн бүх юмыг хоосон хуурамч хэмээн үл огоорон найзыгаа үл тоон зовлонд унагах уу? Эсвэл буу барьж очин “галзуу мэт” буудалцан дээрэмчдийн бүлэгтэй үзэлцэх үү? Тэгээд орчлонгийн үйлийг үл тоосноор нирваан дүрийг олж энэ зовлонт амьдрал, эргэж төрөх хүрднээс гарснаараа  бүгдийг хөндлөнгөөс ажиглан удирдана гэж үү? Үгүй бол ингэснээрээ найзыгаа алуулсан, эсвэл баахан дээрэмчин алж чадсанаар асуудлыг шийдэх боловч эцсийн эцэст хүн алснаараа нүгэл үйлдэн тамд унан ягчис, бирд болж төрөх үү?

Төдий л удалгүй түүнийг утас нь чичигнэж улмаар найз нөхөрлөлийн тухай хөгжим нь дуугарахыг харвал Мөөгийгийн утасны дугаар харагдаж байлаа. Утасны цаанаас ярианыхан акцент, дуу хоолойныхон өнгөөр цаад хүнээ африкан америк байна гэж төвөггүй таав. Захирангуй түрэмгий яриж эхлэхийн сонсоод юун, хэн байдаг билээ гэж тэрүүхэн хоорондоо таах гэж будилав. Галаагийн нэр усыг нь лавлаж асуугаад чиний найз чинь миний гарт байна. Гэнгүүт Мөөгийгийнх нь дуу нь цаана дуулдав. Түүнийг  эдгээр дээрэмчид барьцаалжээ. Tэд найзтайгаа уулзая гэж бодож байгаа бол $50,000-оор тохиролцож болно. Хэрвээ найзаа бодож байгаа бол цагдаа энэ тэр гээд элдэв юм бодолгүйгээр хий гэсний  нь хийгээд яв гэж сүрдүүлэв. Гол нь Галааг өөрийн биеэр мөнгөө 48 цагийн дотор авчирч ир гэж шаардлаа. Галаа хэсэг хором дуугүй байснаа шаардсанаар чинь мөнгө өгвөл мөнгөө авсны дараа найзад минь болон надад аюулгүй байх баталгаа байгаа юм уу? гэв. Дээрэмчин мөнгөө авчирч өгвөл асуудал байхгүй бөгөөд чамд өөр арга байна гэж бодвол найзыгаа үхсэнд тооцоорой хэмээн дахин заналхийлэв. Галаа  цаг хожих санаатай 10,000 дээш доллараар  нааш цааш гүйлгээ хийвэл хяналтанд орж асуугдаж байцаагдана шүү дээ. Иймд арай ахиу хоног өгөхийг хүсэв. Ярилцагч этгээд нь түр пауз авсанаа чамд нэг хоног нэмж өгөе гэснээр утас тасарлаа Галаа өөрийгөө санасныг бодоход тун тайван ярьж чадсандаа гайхав.

Утсаар ярьсан хүн бол Мөөгий тэр хоёрт зодуулдаг дээрэмчин байлаа. Даррил Чикагогийн өмнөд дүүрэгт төрж бага насаа өнгөрүүлжээ. Уг дүүрэгт африкан амрикууд төвлөрөн суух бөгөөд ядуурал гэмт хэрэг хоёроороо зартай газар. Хотын төвөөс жоохон л өмнө зүгт хөдлөхөд уг дүүрэг эхлэнэ. Байшин барилгын түрээсийн үнэ маш хямд, магадгүй тэнд үнэгүй байр байшинч олдож болох. Зарим газраар нь дайн болов уу? түймэр болов уу? гэмээр шатсан, цонхоо битүүлсэн байшин элбэг байх нь анх очиж буй хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлж жихүүцмээр. Үйлчилгээний газрууд нь худалдагчаа хамгаалсан битүү цонхон халхавчтай. Худалдан авагчидтайгаа зөвхөн мөнгө бараа багтах хэмжээний эргэдэг харилцах цонхоор л харьцах нь үе үе галт зэвсэг хэрэглэсэн дээрэм болдгийг илтгэнэ. Даррил гудманд хаа саагүй байдаг сагсны талбайд сагс тоглохоос өөр цагаа нөхцөөх зүйлээр ховор, гэмт хэрэг л хийхээс өөр амьдрах аргагүй мэт орчинд өсжээ. Тэр үнэндээ амьдарч байгаа нийгэмдээ өширхөж өссөн. Өмнөд дүүргийн амьдрал шударга бус үйл явдал, гэмт хэрэг, хүчирхийлэл, ажилгүйдэл, гачигдлын бүс байв. Тиймээс цагдаа нарч гэсэн тэр болгон идэвхийлээд энэхүү бүсэд юм болгонд нь оролцоод байхгүй. Даррил энэ бүхний буруутныг тэдний өвөг дээдсийг дарлаж, мөлжиж боолчилж байсан цагаан арьстангууд гэж үзэн, тэдний байгуулсан нийгэм төрд өширхөж хэдий буруу зүйл хийж байгаагаа мэдэрдэг байсан ч энэ бүхнээ буруу нийгмийн эсрэг шударгаар тэмцэж буй баатар хэмээн өөрийгөө зөвтгөн цагаатгаж явдаг. Түүнээс арай ахмад үеийнхэн нь хааяа, ирэх гэнэн зорчигчдыг машинаа тавихад нь чи миний газар машинаа тавьлаа хэмээн сүрдүүлэн маргалдаж муудалцах юм бол түүнээс илүү хохирол амсахыг ойлгосон хүмүүсээс тав, арван доллар авахыг ихэд бахдан харж хэзээ тэдэн шиг том болж амар мөнгө олдог болох юм бол гэж бодож өсжээ. Иймэрхүү маягаар африкан америкууд сүрдүүлж мөнгө авах нь сүүлийн үед нэгдсэн улсад нилээн элбэг байх бөгөөд тус улс арьс өнгөний үзлийн эсрэг сүүлийн хэдэн арван жил тууштай тэмцсэний дүнд нийгэм дэхь африкан америкуудын байр суурь бэхжиж тэдний дундаас чинээлэг, боловсролтой хүмүүс хэдийгээр ихээр төрсөн ч гэсэн олон зуун жилийн өмнөх боолчлолын үр дагавар одоо хүртэл үргэжилсээр. Харин цаг үеийн нааштай өөрчлөлтийг африкан америкийн ухамсар муутай хэсэг нь буруугаар ашиглаж арьс өнгөний үзлийн эсрэг тэмцлийг ашиглан аливаа зүйл дээр өөрсдийгөө өмгөөлөн хамгаалах бамбай болгон буруу үйлдэл хийх болжээ. Товчоор хэлбэл даврах тал руугаа орсон юм.

Даррил дунд сургуульд байхын ази хүмүүсийг сул дорой юм байна гэсэн ойлголттой болж өссөн юм. Учир нь түүнтэй тааралдаж байсан Хятадууд голдуу бие бялдараар сул, номхон, сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргахгүй, ямар нэгэн асуудал болбол илүү дутуу үггүйгээр маргаанаас зайлсхийдэг, урлаг, спортоор нэг их оролддоггүй байлаа. Тиймээс  тэрхүү хоёр чайна (Галаа Мөгий хоёр) залуучууд хэл амгүй дээрэмдүүлэхийн оронд барьж авч зодон, өөрийг нь дээрэмдээд явуулсан нь санаанд оромгүй үйлдэл болжээ. Хятад гэхэд тун хүчтэй, чанга нударгатай, биерхүү, догшин хэрцгий, зодолдох нь тун туршлагатай шинжтэй, хахир яхир яриатай залуучууд байв. Харин сүүлд тэдний нэг болох Мөөгийгийн  барьж Монгол гэж өөр азиуд байдгийг анх удаа л сонссон. Тэдний дээрмийн бүлгийн хамгийн их мэдлэгтэй Уил нь л ганцаараа Монгол гэж хүмүүс байдгийг дээр үед догшин ширүүн дайнч улсууд байсныг, эдний нэр алдараар цагаан арьстан мотоциклчин дээрмийн бүлэг өөрсдийгөө the Mongols гэж нэрлэж голдуу баруун эрэг хавиар үйл ажиллагаагаа явуулдагийг тэдэнд хэлж өгсөн юм.

Даррилийн бүлэг бол Чикагогийн хойд хэсгийн дүүрэгт голлон хар тамхи зардаг аж. Уг нь хүүгийнхээ хүмүүжилд санаа зовсон эцэг эх нь гэмт хэрэг ихтэй өмнөд дүүргээс нүүж хойд хэсгийн энэхүү дүүрэгт ирсэн боловч уулаасаа мөнгө төгрөг муутай эцэг эх нь бас л байрны хямдыг харж буусан газар нь африкан америкууд ихтэй дүүрэг байв. Манай хүн уулаасаа хичээл номдоо сонирхолгүй, дээр нь эцэг эх нь ч гэсэн нэг их хичээл номд нь санаа тавьж чаддаггүй байснаас Даррил дахиад л болох бүтэхгүй хүмүүстэй нийлсээр улмаар ахлах ангидаа сургуулиа орхин эдгээр залуустай нийлэн бүлэглэжээ. Түүний хувьд хурдхан их мөнгөтэй болох мөрөөдлөө биелүүлэхэд хар тамхи л зарахааас өөр аргагүй байсан бөгөөд байнгын эрсдэлтэй энэхүү алхам нь сэтгэл санааны хувьд дарамттай, заримдаа ирээдүйдээ итгэх итгэлийг нь мохоох тул үе үе аз туршихаас буцахгүй болгож, архи, хар тамхийг хэрэглэн өөрсдийгөө баясган сэтгэлийн шаналал дарамтнаас гаргах стресс тайлах хэрэгслээ болгосон.

Хүн л юм чинь мань хүний ойрын хүсэл амбиц нь бүлгийнхээ толгойлогч болох байсан ч үл мэдэгдэх хоёр ази залуучуудад зодуулан буу энэ тэрээ алдсан явдал нь мань хүний нэр хүндийг бүлэг дотор нь ихэд унагаж. Иймээс тэр хоёр азиас ямар ч байсан хариугаа авах гэж хор шарандаа шаргуу хөдөлж, хөөцөлдсөний үр дүнд тэдний нэг нь болох Мөөгийг барьж авчээ. Тэдний бүлэг ч түүний энэ санаачлагыг идэвхитэй дэмжсэн нь Даррилын нэр төр, өш хонзонг авах гэж зорьсондоо бус гол нь сүүлийн үед тэдний байр суурийг булаацалдаж латинууд, азиудын бүлэглэлүүд идэвхитэй хөдлөх болсонд байлаа. Тухайлбал хар тамхи зардаг хяналтынх нь бүсүүд дээр азиудын тухайлбал солонгосуудын бүлэг гарч ирж зарим газар нутгаас нь шахах маягтай болсон тул тэд  хариуг нь өгөх нь зүйтэй гэж үзжээ. Хэдэн жилийн өмнө хар тамхи зарах газраа булаацалдаж нэгэн солонгост зэргэлдээх харуудын бүлэг нь нэг гишүүнээ алдсанаас цагдаа сэргийлэх болж улмаар тухайн үедээ элдэв дуулиан шуугинаас зайлсхийж орхисноос тэр хавийг солонгосууд хянадаг болсон тухай бүлгийн толгойлогч Уил сонссон тул бага дээр нь эдгээр азиудыг дарж авъя гэж боджээ. Уил амбицаа далдлахыг хичээдэг ч илрээд байдаг, яваандаа өөртэй нь өрсөлдөж магадгүй гэж болгоомжилдог Даррел бүтэлгүйтсэнд дотроо баяртай байсан ч бүлгийн толгойлогчийн нэр хүнд, алсдаа азийн мафи даварч магадгүй гэж болгоомжилсноос хариу арга хэмжээ авахыг  дэмжсэн билээ. Чухамдаа энэхүү дээрэмчний бүлэг Галаа, Мөөгий хоёрыг солонгосын өрсөлдөгч бүлэглэлийн гишүүн байна гэж эндүү ойлгосноос идэвхитэй хөдөлсөн юм.

Мөөгийг барих тиймч хэцүү байсангүй. Хоёр ази залуу халамцуу байсан, тэгээд тэр архины мухлагаас архи, пиво авч явсан нь Даррилд тэр хоёрыг хайж олоход чухал мэдээлэл болов. Бэлэн мөнгөөр тооцоо хийгээгүй бол нэр ус хаягийн олж болох бололцоотой билээ. Мөн Даррил дээрхи байдлаас ургуулаад тэр хоёр ази залуу тэр хавьд амьдардаг байж болох юм гэж тааварлаж, бас тэр мухлагаас дахин пиво, архи худалдаж авч магадгүй гэдгийг тооцоолжээ. Ингээд мухлагийн эзэн энэтхэгийг сүрдүүлэн байж үнэхээр тэр хоёрын нэг нь энэ хавьд амьдардаг, мухлагаар байнга үйлчлүүлдэгийг мэдэж авав. Удсанчгүй ээлжит отолтын үед нь Мөөгий 6 ширхэгээр багцалсан пиво авч уух гэж байж баригджээ. Дээрэмчид гурвуулаа явсан болохоор ядах юмгүй Мөөгийг буу тулган машиндаа чихэж суулгаад арилж өгөв. Хэдий баригдсан азигаа дор нь нударч чадах авч Уилын заавраар түүнийг байцааж мэдээлэл авснаар энэхүү Монголчууд солонгосын дээрмийн бүлэгтэй ямар ч холбоогүйг мэджээ. Нэгэнт өрсөлдөгч бүлгийн гишүүн бус, мөн хоёр дахь  хамсаатныг нь барьж чадаагүй учраас түүнийг айлган сүрдүүлж хэдэн төгрөг салгасан нь дээр гэж дээрэмчид тогтов. Даррил ч гэсэн бууг нь Галаа авсаныг сонсоод буугаа эргүүлж авахыг нэр төрийн хэрэг гэж үзэж бас эдгээр ази залуучууд хөдөлмөрч, нөгөөх нь гайгүй ажил эрхэлдэг тул хэдэн төгрөг ямарч байсан салгаж авахаар шийдсэн болохоос хойшид ингэе тэгэе гэж айхавтар төлөвлөсөнгүй. Хүсвэл буудаад хаясан ч тэдний дур, эдгээр хазгай хэлтэй цагаач нар цагдаа энэ тэрд мэдэгдсэн ч тэднийг олж чадахгүй гэж үзэв.

Зам нь одоо уулын уруу уруудаж байлаа. Уул руу зам өгссөн бол уруудах нь жам адил хүний амьдралд ч гэсэн өгсөхөөс гадна уруудах үе байх. Хүний оршин тогтнох үйлдэл, цаг хугацааг амьдралын зам гэж нэрлэдэг нь юутай философлиг, ухаалаг, оновчтой хэллэг вэ?  Үе үе аятайхан тооромсоглож байхгүй бол машин нь авч давхичих гээд бас саяхан бороо орсон тул хурдтай яваа машин огцом тоормсогловол халтирч гулгаж магад гэж болгоомжилно. Гэвч түүний машины тоормос нь ABS системийн програмчлалтай байсан тул үнэндээ огцом тооромсоглох үед ухаалагаар зохицуулан ажиллах чадвартай. Халтиргаа гулгаа ихтэй өөрөөр хэлбэл замаа цэвэрлэж янзалдаггүй газрын Монгол жолооч нар машин нь халтирч гулгасан үед үе үе тооромсоо авах, гишгэх зэрэг донжийн тааруулсан хөдөлгөөн хийж дугуйны эргэлтийн хурдыг зохицуулж гулгаанаас сэргийлдэг тэр л зарчим буюу орчин нөхцлөөс шалтгаалж дугуйныхаа эргэлтийг тааруулж тоормсолдог зарчмаар сүүлийн үеийн машины ABS тоормос ажилдаг. Энийг нь ухаалгаар тооцоолдог програм хангамжийн алдаанаас үүдэж сүүлийн үеийн загварын зарим машинууд эргэн татагдаж буй. Галаагийн Лас–Вегас болон цахим хөндийд боссынхоо оронд оролцох хурал зөвлөлгөөнүүдийг энэхүү чиглэлээр програм хангамж хийдэг компаниуд зохион байгуулах аж.

Одоо аливаа дундаж болон түүнээс дээш сэтгэхүйтэй хүмүүсийн адилаар тэр бүх болсон явдалд дүн шинжилгээ хийн яаж амь нас болон найз нөхрөө хамгаалах уу? гэж эргэцүүлэн бодож эхлэлээ. Хүн хэрэгтэй үедээ өөрийгөө хянах зогсоож, орчин нөхцлөө мэдэрч хөдөлж байхгүй бол алддаг. Мөөгий тэр хоёр тухайн үед дээрэмчин харыг зүгээр л сүрдүүлээд явуулчихсан бол одоогийн энэхүү хүнд нөхцөлд орохгүй ч байсан юм бил үү?

Гэвч зүүдэнд нь үзэгдсэн шиг.  Машинд нь дайруулж үхэж байсан гөрөөс шиг хүний болон амьтны санаатай, санамсаргүй алдаанууд нь зарим тохиолдолд зайлшгүй хувь тавилангаар ирдэг мэт. Заримдаа хүмүүс мэдсээр, чадсаар байж алдах нь бий. Энэ нь уг асуудалд хайхрамжгүй хандсанаас, бэлтгэл муутай байснаасаа болж буруу тооцоолон алддаг нь хүний мөн чанарын нэг хэсэг билээ. Яагаад гэвэл хүн амьдралдаа тохиолдсон том жижиг тохиолдол болгонд анхаарлаа хандуулан гүн гүнзгий дүн шинжилгээ өгөөд байх бололцоо ч үгүй мөн завгүй. Иймээс гол ач холбогдолтой, шаардлагатай гэсэндээ л анхаарлаа төвлөрүүлдэг нь байгалиас заяасан ой ухаанаа хэрэггүй мэдээллээр дүүргэхээс зайлсхийсэн зохион байгуулалт, зөн билэгээс учигтай. Үүнээс үзэхэд зарим хүн, сэтгэгчдийн үздэгээр хүний оюун ухааны чадвар хязгааргүй гэдэг нь алдаатай юм биш үү?  Хэрвээ алдаа гаргадаггүй бол бурханы шинжийг олж төгс болох ажгуу. Жишээ нь. ямар ч мундаг хөл бөмбөгчин бэлтгэл сайтай байгаад, зорилгоо ухамсарлаж байв ч 11 метрийн торгуулийн шийдвэрлэх цохилтыг алдан багаа ялагдалд учруулдаг тохиолдол байдаг. Тэрэн шиг заримдаа хүн болон  амьтад ирж байгаа аюулыг буруу тооцоолдогоос, үйл явдал тооцоолноос нь зөрснөөс сандран, мэгдэж зүгээр л харж зогсон эсэргүүцэлгүйгээр гай зовлонд дайруулах нь буй.

2010 онны 09 сарын 27

Австрали

9 хариулт

  1. Minii duu ene zohioloo, PDF deer bolgood http://book.gogo.mn/index.html site yumuu ebay – deer taviad zaraach. Mash sonirholtoi zohiolsh dee…

    Hundetgesen Eegii ah

  2. Sain bnuu Ta! Tanii ene zoxiol nadad mash ix taalagddag. Daraagiin bulgiig ni tesen ydan xuleen unshdag. Uuniig zugeer l uguulleg gej xelj boloxgui bxa. Ene zoxiol amidraltai, xund uxaaral, bodol ergetsuulel ugch chaddag oyunlag buteel. Tand bayrlalaa. Tanii ajil amidrald undur amjilt xusye!

  3. huleesen maani talaar bolsongui ee. tnx

  4. Сайн байцгаана уу?
    Сайхан сэтгэгдэл үлдээсэнд та бүхэнд баярлалаа. Хойшид хичээх болно. Дуусгахыг зорьж байгаа. Дуусгамагцаа хэвлүүлэе гэж боддог. Ажл төрөл, бас бодол санаандаа төлөвлөх энэ тэрээ гэсээр байгаад хурдан хурдан үргэлжүүлж бичихгй байгаадаа хүлцэл өчие!

  5. Сайн байцгаана уу? Тодорхой шалтгааны улмаас Монгол зургаа нэгмөсөн дуусгаж байж сайт дээрээ тавина гэж шийдсэн ийид та бүхнээсээ хүлцэл өчье. Ирэх жил гэхэд дуусгачих байх.

  6. өөө. юун ирэх жил юэ?

  7. ireh jil bolchloo. odoo duusgahguim uu

  8. ene mash sonirholtoi zohiol uma uchigduruus hoish bugdii n unshlaa, odoo nomiig n avch duusgayada… amjilt husii

Сэтгэгдэл бичих