Монгол зураг -27

Түрүүч нь:  Монгол зураг-26

Галаа яагаад Монгол орныхоо тухай зүүдлээд байсныхаа учрыг Энхээ залгасны дараа л ойлгов. Түүнд зөн бэлэг нь Монголдоо буцахыг хэлээд байжээ. Одоо тэр хүүхэд байхдаа ямар аз жаргалтай байснаа дурслаа. Энэ бүгдийг тэр Монголтой холбоотой зүүдэлснээр гэнэт санаж, мартагдсан байсан олон үйл явдал нь сэргэж ирлээ. Анх Чикагод очоод ажил хөөцөлдөхөөр очиж байх үедээ харсан Монгол зураг, тэгээд дараахан нь Монгол бүсгүйг хайрлаж дурласан, өнөөдрийн зүүд энэ бүхэн эцсийн эцэст холбоотой байж. Энэхүү амьдралд үнэн хэрэгтээ санамсаргүй зүйл гэж байдаггүй юм байна. Бүх юм цаагуураа, эсвэл өнгөрснөөс үүдэлтэй холбоотой байдгийг тэр ухаарч эхлэв. Өнгөрсөн, одоо, ирээдүй бүгд хоорондоо холбоотой. Түүний өнөөдөр олж авсан байр суурь, зан авир нь амьдралын турш авсан сургамж, хүмүүжил, орчингоор тодорхойлогдож бий болсон мэт авч, үнэн хэрэгтээ түүний нилээдгүй хэсэг нь түүний эцэг эх, өвөг дээдсийн генээр дамжиж ирсэн авир, биеэ авч явах явдалтай угшилтай. Тиймээс тодорхой хэмжээгээр хүний сайн муу явах нь өөртэй нь холбоотой гэх ч эцсийн эцэст түүний өвөг дээдсийн бий болгосноос улбаатай зарим зан авираар амьдран, тэдний нөлөөтэй зан араншингаас бий болгосон өөрийнхөө орчинг тэр бүрдүүлсэн бус уу? Тиймээс бүх юм цаагуураа далдын холбоо сүлбээтэй. Санамсаргүй зүйл гэж бараг байхгүй гэж тэр дахин дахин өөртөө хэлж байлаа.

Зарим хүн эцэг эхийнхээ аль нэгтэй адилхан инээж сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэг, аяг гаргадаг гэж хүмүүс ярьдаг нь хүмүүжлээс илүүгээр удамшилтай холбоотой биш гэж үү. Хүн үр хүүхэдтэй болж өөрийн эрхгүй өөрөөсөө илүү тэднээ хайрладаг нь үр удмаа үлдээх гэсэн амьдралын хуулийн далд нөлөө нь ойлгомжтой.

Хүн буюу ерөөсөө амьдрал гэдэг үхдэггүй, алга болдоггүй яагаад гэвэл хүний нэг хэсэг үргэлжлэл физиологоороо, аяг ааш, сэтгэлээрээ, генээрээ үр хүүхэддээ дамжигдан үлддэг. Бидний дунд, бидний өвөг дээдэс хамтдаа оршдог гэж Монгол бөө үзэн өвөг дээдсийн онгоноо дууддаг нь ямар учиртайг ойлгож мэдэрчээ. Гэвч яагаад бүрэн бүтэн хуулбараа үр удамдаа дамжуулдаггүй юм бэ? гэхээр амьдрал байнга хувьсаж өөрчлөгдөж байх ёстой. Иймээс хүний мэдээллийг бүрэн бүтэн хойч үедээ дамжуулаад байвал хүн шинээр юм юу ч сурч мэдэхийг хичээхгүй, сурахад ч төвөгтэй болж хуучинтайгаа зууралдан шинийг хүлээж авах бие физиолог, сэтгэлийн боломжгүй болон хөгжин өөрчлөгдөн шинэ орон зайг олж авах амьдралын сургуульд суралцахад хэцүү болдог. Учир нь хүний тархины багтаамж хэмжээ хязгаартай. Яагаад гэвэл физиологийн хувьд хүний тархи хэмжээ хязгаартай. Иймээс хэрэггүй хуучнаа хаяж шинэ зүйл хүлээн авах орон зай үүсгэж байх хэрэгтэй. Ингэхийн тулд хүн мартдаг. Иймээс хүн өнгөрсөн туулсан бүх мэдээллээ бүрэн дамжуулдаггүй. Хүн цаг ёсоороо хөгширч үхэх ёстой. Тиймээс үхэл гэдэг бол амьдралын үргэлжлэл. Яагаад гэвэл амьдрал өөрчлөгдөж, шинэчлэгдэх орон зай хэрэгтэй. Яг л намар болохоор өвс, ногоо хагдран унаж, ирэх хаврын шинэ өвс, ногоонд зайгаа тавин, амьдралыг үргэлжлүүлэхэд тэтгэх тэжээл ялзмаг болох ёстой. Гэвч хүн төрөлхтөн ухамсартай, ухаалаг тул энэ нь бас л учир дутагдалтайг анзааран, мэдээллийг өөр хэлбэрээр хадгалж үлдээх хэрэгтэйг ойлгон тул үүнийг амьдралын дутагдлыг нөхөх гэж бичиг үсэг мэтийг зохиосон.

Галаа одоо Монголоо зүүдэлсэн, Монгол зургаа харсан энэ тэрээ бодон бэлэгшээж Монголдоо очоод л хүүхэд насны үе шигээ аз жаргалтай амьдрах юм байна гэж бодов. Тэр энд төрөлх бус байснаас, төрөлх бус хэлээрээ ярьж байсан гэх мэт олон шалтгаануудаасаа хамаарч бүрэн хэмжээнд аз жаргалтай сэтгэл ханамжтай байж чадаагүй ажээ. Тиймээ Монгол хүн бэлгээр гэдэг билээ.

Бодит байдалтай холбоотой үзэгдлийг сайн ирээдүйтэй холбох нь бэлэгшээх аж. Галаа анх Геосистемын үүдний өрөөн дэх Монгол зургийг хараад өөрийнх нь ажил төрөл нь бүтэхийг бэлэгшээж байсан. Энэ нь бодит байдлыг өөрийнхөө ирээдүйн ажил явдалтай холбож байгаа учир шалтгааны ухаантай холбоотой. Яагаад гэвэл  Монгол зураг нь тэр оффист Монголыг тодорхой хэмжээгээр сонирхдог хүн байх магадлалтай гэснийг илтгэж байна. Хэрэв тэр байгууллага Монголыг тодорхой хэмжээгээр мэддэг, Монголыг мэддэг хүн байна гэдэг, улмаар урлагийг нь сонирхож байна гэдэг тэдний зүгээс Монголын талаар эерэг сэтгэлтэй хүн байх магадлал өндөртэй болно. Иймээс Галаа ажил үйлстэйгээ холбоотойгоор өөрийн мэдэлгүй, цаад наадахаа бодолгүй бэлэгшээх нь далдын учир шалтгаантай байжээ. Иймээс бэлэгшээх гэдэг ихэнхи тохиолдолд учир шалтгааны магадлалтай. Гэвч хүн учир шалтгаанаа ухаарахаасаа өмнө ямар нэгэн байдлаар мэдэрснийгээ бэлэгшээлт гэдэг аж. Харин учир шалтгааны холбоос муутай бол мухар сүсэг юм. Гэвч жирийн хэн бугай нь ч бэлэгшээлт, мухар сүсэгийг анхнаасаа учир шалтгааны үүднээс харж боддоггүй. Эдгээр сэтгэгдэл нь анхны мэдрэмжээр явагддаг тул учир шалтгаанаас илүү хүний зөн бэлгийн мэдрэмжтэй холбогддог.  Иймээс хүн болгон зөн бэлэгч. Харин зөн бэлэг нь хэр хөгжсөн нь хүн болгонд өөр. Гэтэл мухар сүсэг бол зүгээр л тэгвэл ингэнэ, ингэвэл тэгнэ гэх харанхуй итгэл үнэмшил, тогтсон үзэл, логик буюу учир шалтгааны холбоос муутай учраас хүнд,  хүмүүст хортойгоор нөлөөлдөг. Ихэнх тохиолдолд юмыг сөрөг талаас нь тайлбарлана.

Галаа нэгэнт Монголдоо буцахаар шийдсэн тул өнгөрсөн, одоо, ирээдүйгээ төсөөлөн бодож задлан шинжлэн дүгнэлт хийх гэж байлаа. Тэр ихэнхи амьдралаа, орчингоо өөрчлөх гэсэн томоохон шийдэлд хүрсэн хүний адилаар бүхнийг эргэцүүлэн бодон, ирээдүйгээ төсөөлөхийг хичээв. Тэр хүний амьдрал үйлийн үрээр болдог уу? аль эсвэл бурханаас заяасан зураг төөргөөр болдог уу? үйлийн үрээр болдог гэх юм бол Монголдоо төрж өссөн Монгол хүн хичнээн хүсэж мөрөөдөөд, ажиллаж зүтгээд ч гадаад улсын тэргүүн болохгүй. Тэгэхлээр үйлийн үр байдаггүй мэт. Гэтэл хүн өөрийн хөдөлмөр зүтгэлээр амжилтанд хүрч мөрөөдлөө биелүүлдгийн хамгийн энгийн жишээ тамирчид. Тэд хэрхэн хөдөлмөрлөж алдар гавьяанд хүрч байна. Эндээс харахад үйлийн үр байдаг гэж нотолж болмоор гэж эргэцүүлнэ.

Галаа Австралидаа, компанидаа ахиж дэвшиж хувьцаа эзэмшигчдийн нэг нь болж, баяжин хүссэн зүйлээ авч хангалуун амьдрахыг хүсэн эрмэлзэж явсан боловч энэ удаа энэ бүхнээсээ татгалзаж Монгол явахаар шийдсэн.  Яагаад гэвэл энэ бүхэн түүний зураг төөрөг бус гэдгийг эцсийн эцэст ухаарав. Түүний хайртай бүсгүй Энхээ охинтойгоо түүнийг эх оронд нь аав, ээж, ах дүүгийнх нь хамт хүлээж байгаа. Түүний амьдралын зураг төөрөг нь Монгол хүн болж зурагдсан учраас эх хэлээрээ ярьж амьдарч сэтгэж байж л, бүрэн төгс аз жаргалыг, дурлалт хүүхэндээ төрөлх Монгол хэлээрээ хайр энхрийллээ хэлж байж, аз жаргалыг бүрэн мэдрэх мэт санагдах болов. Хүмүүс заримдаа тэнэг, утгагүй, галзуу солиотой, логикгүй үйлдлийг хийдэг. Тэд хайр сэтгэлээсээ юм уу, ямар нэгэн сэтгэл зүрхний дуудлагаараа хийдэг. Заримдаа хүний үнэт зүйлс гэдэг харьцангуй байна. Юун мөнгө төгрөг байтугай амь амьдралаа хүртэл, үнэт эрхэмлэн явах зүйлсийнхээ төлөө зольдог.

Галаагийн хоёр сая долоон зуун мянган хүнтэй эх орон нь дэлхийн хамгийн том махчин, түрэмгий хөршүүдийнхээ дунд тэсэн үлдэж чадсан түүхтэй. Түүнд, түүний анд нөхдөд, ард түмэнд нь амь нас, хувийн тансаг амьдралаа золин байж өгсөн үе үеийнхэн өвөг дээдсийнх нь баатарлаг гавьяагаар эх орон нь бий болсныг тэр одоо бишрэн шүтмүү. Бүтмээргүй зүйлийг бүтээж чадаж, эх орноо тусгаар улс байлгаж чадсан өвөг дээдсийнхээ замналаар явж Монгол залуус үр удам, хойч үеээ аз жаргалтай амьдаруулмой. Тиймээ Галаагаар тэдний цус гүйж байгаа, түүгээрээ ч тэр омогшдог. Тиймээс тэр тэдэнд, өнөөгийн Монгол улсдаа тэр сэтгэл зүрхээрээ өртэй, холбоотой, уяатай явдаг.

Хүн юу харахыг хүсдэг вэ, тэрийгээ л хардаг гэдэг билээ. Хүн хүсвэл, тэмцвэл, амьдралтайгаа эвлэрэхийг хүсэхгүй бол амьдралынхаа замыг хувь тавилангаа өөрчилж болдог. Хүн амьдралын зургаа өөрөө зурдаг ч, чадвал хардаг авч тэр хүрднээсээ зургийн талбайгаасаа гарч чаддаггүй ажээ. Хүний амьдралын зураг, зам, тавилан нэг л зургийн талбай дотор өөрчлөгднө үү гэхээс уг зургаасаа халиад явж үл болно. Хэрэв зураг төөргөөсөө халиад гарчихвал тэр хүн хямраад, амьдрал нь утгагүй болоод амиа хорлодогч байж магадгүй. Галаагийн амьдрал Монгол зураг дотроо л явагдаж зурагдах ёстой байсан байж магад. Тэрхүү зурган дотроо яаж зурагдах нь тэр хүний амьдрал, тэмцэл, хөдөлмөр, шаргуу зангаас хамаарах билээ. Тиймээс тэр өөрийгөө яагаад хямраад байсан, амиа хорлох хүртэл галзуу солиотой гэмээр, өөрийнх нь хувьд тухайн үедээ үнэхээр зөв шийдэл мэт бодол орж ирж байсныг ойлгов.

Хүн эрх чөлөөг байгалиасаа, цаанаасаа хүсдэг. Тэр нь таваараа амьдрах, хүсэл шуналаас үүдэлтэй. Хувь хүний эрх чөлөөт амьдрал нь чухам л энэ хүсэл шуналаа биелүүлэхээр дандаа зүтгээд байвал аюултай. Агуу их сэтгэгчид Ийсус, Мохамед, Зорустра , Будда зэрэг нь хувь хүний эрх чөлөө буюу бурханы өмнө байх тэгш эрхийг амласанаараа эрт эдүүгээгийн цөөнхи дарангуйлагч, ноёлогч ангийн эрх ашгийг хамгаалсан олон шашин, үзэл сурталыг ялан гарч өөрсдийн сургаалиа дэлхий нийтийн шашин болгосон. Тиймээ бурхан байдаг юм бол бүгд л түүний өмнө адилханаар нүглээ наминчилж, үхлийн өмнө хэн ч адилхан байна. Бүгдээрээ л адилхан үхнэ. Үхэл рүүгээ хүн ямарч эрх мэдэл, мөнгө хөрөнгөө авч явж чадахгүй нь ойлгомжтой. Харин эртний шашингууд шударга бус, тэгш бус байдлыг өөгшүүлэн эрх мэдэл, эд баялаг бүхий дарангуй хэсгийг хамгаалан үхэл, хожмын амьдрал ч гэсэн ялгаатай гэсэн ойлголт баримтлан хүнийг үхэхээр нь эд хөрөнгө, боолыг нь хамт оршуулдаг байсан нь архелогийн олдворуудаас нотлогддог. Гэтэл үхсэн хойноо ч, дараагийн амьдралдаа ч эрх ямбаа хэвээр хадгалан үлднэ гэсэн явцуу ойлголтыг няцааснаараа, нүгэл, буяны үрээр там эсвэл диваажинд хүн очихдоо бурханы өмнө адилхан оршино гэснээр орчин үеийн эдгээр шашныг үндэслэгчид хүмүүсийг эрх тэгш гэдгийг тунхагласан юм. Тэд агуу хувьсгалчид байсан.

Хүмүүс арван хуруутай байдгаас аравтын тооллын системийг хэрэглэдэг бол хүн бас тэгш хэмтэй хоёр гартай, хоёр нүдтэй зэрэг шалтгаанаасаа улбаалаад хоёртын тооллын систем ч хүн төрөлхтөнд ихэд хэрэглэгддэг. Тиймээс орчин үеийн хиймэл сэтгэхүй болох компьютерийн систем ч нэг (1), тэг (0) гэсэн хоёртын тооллын систем дээр бүрдсэн юм. Энэ нь хүний амьдралын хэллэгээр бол үнэн, худал гэсэн л ойлголт. Чухамхүү энэхүү үнэн, худал гэсэн хоёртын тооллын систем дээр үндэслэн дээрхи агуу сэтгэгчид бурхан, чөтгөр, там, диваажин гэсэн хоёртын эсрэг тэсрэг ойлголтыг боловсруулж өгснөөр хүн төрөлхтний ёс суртахууны хэмжүүрийг тогтоож, хувь хүний эрх чөлөө, тэгш эрх нь хүний таваараа байх хүсэл шунал, зугаа цэнгэлтэй холбоотойг анзааран хязгаарлан барьжээ. Ингэснээр тэд тэгш эрх, эрх чөлөөтэй байхыг хүн төрөлхтөнд тунхагласан гавьяатай ч, тэгш эрхийн үндэс эрх чөлөөний ойлголт нь хүсэл, шуналаас улбаатай, тааваараа байх, ямбалах, зугаа цэнгэлийн үр дүнд ёс суртахууны уналт, хүн төрөлхтөнг адгууслаг, араатны араншин рүү нь татахыг сэрэмжилж дээрхи хоёртын тооллын системийг тэгш хэмийн зарчмыг сануулан хариуцлага гэсэн зарчимаар буг-бурхан, там-диваажингийн ойлголтыг бий болгосон. Тиймээс хүн байгаа газар бол бурхан, буг чөтгөр нь хоёулаа байна. Хүн хүсэл, тачаал, шуналаасаа хэзээ ч үл салж чадна.  Хүнд идэж уух, унтах амрах хэрэгцээ байсан цагт дээрхи хүсэл байсаар байх болно. Гэвч хүнд хариуцлага, ухамсар гэж байснаар энэ бүхнээсээ татгалзан хүмүүнлэг чанараа хадгалж байх ёстой. Хүний хүсэл, шунал тачаал нь хүнд хөгжил дэвшил авчирдаг ч, бас хэтэрвэл мөхөл уруудал доройтол руу нь явуулна. Бүх юм тэгш хэмтэй балансаа барьж байж, тэнцвэртэй байж оршин тогтох ёстой. Амьдрал бол тэр тэнцвэрийг хадгалахийн төлөө тэмцэл. Аль нэг нь хэт давамгайлбал сүйрэл мөхөл. Гэвч  юмс хэзээ ч бүрэн төгс тогвортой оршин байж болохгүй. Аливаа зүйлс хөдөлж хөгжиж байж оршдог. Хөдөлж хөгжихийн тулд харилцан нөлөөлөл буюу эсрэг тэсрэгийн зөрчил ямагт байсаар байна. Хөгжил хөдөлгөөн үүсгэхийн тулд тэнцвэр заримдаа алдагддаг.

Гэхдээ бүх зүйлийг шашны номлолоор цэвэр хийсвэр сэтгэхгүйгээр бас хийж болохгүй. Бодит байдлыг үнэлж цэгнэн, харьцуулалт туршилт хийн системтэй дүгнэлт гаргаж байх хэрэгтэй. Иймээс прагматик шинжлэх ухаан байх хэрэгтэй. Бас цэвэр хийсвэр сэтгэхүйн шашин ч байх хэрэгтэй. Энэ хоёр бол хоёртын тооллын эсрэг тэсрэг дүрийн бас нэг хэлбэр. Аль аль нь байж байж амьдрал хөгжил авчирна.

Логик дүгнэлт буюу учир шалтгааны дүгнэлтийг зөвхөн хоёр янзаар л хийж болох байх:

  1. Шинжлэх ухаанчаар прагматик замаар- судалгаа, туршилт, ажиглалт, задлан шинжилгээ, дүгнэлт, үр дүн учир холбогдлын тайлбарлах гээд л.
  2. Үгүй бол итгэл үнэмшлээр , бурхан буюу далдын хүчний зөн билгээр шалтгаалан учир шалтгаан логикийн тайлбарлаж болно. Хүн дандаа юм болгонд пракматикаар хандаж болохгүй. Хүн зөвхөн адгуус амьтан шиг идэж уух хооллохын төлөө буюу мөнгө эд материалаар бүхнийг хэмжиж үл болно. Хүнд оюун санаа ухамсар гэж бий. Хүн далд ухамсар, сэтгэл зүрхний дуудлагаар зарим үйл явдлыг хийдэг.

Ингээд Галаа тогтвортой сайхан орчинтой Австрали дахи амьдралаа орхин тэмцэл, хөдөлгөөн, эрчим ид өрнөж буй ЭХ ОРНОО сонгож эхлэв. Түүний хувьд, олон залуу эрч хүчтэй хүмүүсийн хувьд орчин үеийн Монгол орон “Тhe land of opportunity” байлаа.

Тэр одоо амьдралыг амьдралын баяр баясгалан өөрөө жолоодоод явдаг гэж итгэн түүний аз жаргал, баяр баясгалан нь Монголд байгаа гэж үзжээ.

 Галаа мөрөөдөж байлаа. Тэр хайртай бүсгүйтэйгээ, ээж, аав, дүү, анд нөхөдтэйгээ бие биенээ хайрлан хүндэтгэж баяртайгаар уулзах болно…. Заримдаа бүх зүйлийг орхиод хэсэг хугацааны дараа шинээр эхлэвэл юм амархан бүтдэг. Хүн алдаанаасаа их суралцдаг. Тиймээс тэр өнгөрсөн бүх түүхээ харьцуулан бодож байв.

Монгол хүн амныхаа бэлгээр гэж эмээ, өвөө нар нь түүнд сургасан. Эмэг, эх, өвөг эцгүүд нь түүнийг багад нь элдэв зүйл сэтгэж ярьж, үйлдэл хийхэд бэлэггүй юм ярьлаа, муу ёр гэж зэмлэж байсан. Сайн сайхан юм яриж, болохгүй биш болж байна цаашаа улам сайхан болно болгоно гэж  үр хүүхдүүдээ сайхан үгээр үргэлж урамшуулж дэмжиж, нэг нэгэндээ хүртэл сайн сайхан үг хэлж байснаараа тэд өнөөгийн Галаагаас дутуу материалаг нөхцөлд амьдарч байсан ч сайхан аз жаргалтай амьдарч, үр хүүхдүүдээ сайхан өсгөн хүмүүжүүлжээ. Галаагийн бага насаа аз жаргалтай байснаар дүрсэлж дурсаж байгаа нь тэдний гавьяа зохих хэмжээгээр бий. Галаа юмыг муу талаас харахаа больсноор аз жаргалтай амьдрах бас нэг түлхүүр юм байна гэж ойлгов. Жишээ нь, тэр бусдын сайхан зүйлд атаархаж, тийм байж чадахгүйдээ шаналж элдэв эд баялаг машин, дарвуулт хөлөг гэх мэт гэж явжээ. Гэвч атаа жөтөөг ч сайн талаас нь тусгаж авбал хүнийг хөдөлмөр зүтгэлд уриалах нь  байдаг. Гэвч хэтэрвэл зовлон болох аж. Хүн чаддаг чаддагаараа сайхан амьдрах хэрэгтэй. Тэр чадахгүй байж заавал бусад шиг амьдрах хэрэгтэй гэж үү? Амьдрах сайхан ч амьдрал богино. Бүгдийг өөрөөсөө эхэлж өөрчлөх хэрэгтэй гэж тэр шийдэв. Хүн өөрөө сайхан байж  эргэн тойрон нь сайхан байх болно. Сайхан бүхэн биднээс өөрөөс минь эхлэлтэй гэж тэр өөртөө хэлж байлаа.

Кайрнсын онгоцны буудал дээр нэгэн өндөр нуруутай ази залуу онгоцны нислэгийн хувиаруудыг харан хайхрамжгүй сууж байлаа. Хажуудаа том том аяны “Samsonite” цүнхүүдийг тавьсан нь холын аянд урт хугацаагаар гарах гэж байгаа нь илт. Удалгүй тэрэг түрж ирснээ том нүсэр цүнхүүдээ сэвхийтэл өргөөд тавих нь бие бялдар сайтайг нь илтгэнэ. Ачаагаа өгч, суудлаа тавиулахаар ирэхэд нь нисэх онгоцны үйлчилгээний залуухан царайлаг хүүхэн шинээр ирэх зорчигчоо мэндлэн угтаад царайлаг залуу минь хаа хүрэх вэ? Хэмээн илт сээтэн хаян угтлаа.

Хориод насны, үсээ толиотол самнаж, ардаа овоолгон боосон, нисэхийн компаныхаа тод улаан, өнгийн хувцас өмсөж, малгайгаа духдуулсан өө сэвгүй гэмээр царай төрхтэй сайхан хүүхэн аж. Хувцас нь ч загвар сайтайн дээр, хүүхэний галбирлаг бие дээр сайхан зохицож тун секси харагдуулна. Галаа инээмсэглэснээ олон бүсгүйчүүдээс иймэрхүү үг, нилээн сонссон аятай нэг их үгэнд нь ач холбогдол өгч сээтэгнэсэнгүй, анзаараагүй мэт өнгөрөөж:

–  “Монгол руу тээшээ шууд ачуулмаар байна” гэж хэллээ. Өөр цаг үед байсан бол бүсгүйтэй яриа өдөх байсан биз. Гэвч одоо түүнд тийм бодол өчүүхэн ч төрсөнгүй. Тэр эх орон руугаа, хайртай бүсгүй рүүгээ, ер нь үнэтэй нандин бүх зүйл рүүгээ тэмүүлж байлаа. Баяртай Австрали орон минь. Ил шулуухан шууд сээтэн хааядаг Австрали бүсгүйчүүд минь баяртай. Чи хүний нутгийн Галаа мэтийн олон сайхан залууст их юм өгсөн. Баярлалаа. Хүний хүүхэд нутаг буцах болжээ.

Галаа ачаагаа тушаачихаад онгоцныхоо гарцны хажууханд сууж байтал гэнэт утас нь дуугарав. Түүн рүү буудлагын клубынхан танил Жон утасджээ. Галаа эхлээд түүнийг танисангүй. Хэн билээ гэж тэрүүхэн хооронд гайхширч байтал Жон Галаагийн гайхширч байгааг тааварласан бололтой өөрийнхөө хэн болохыг товч дурдав. Галаа хуучин танилаа таг мартчихсан шахуу байжээ. Одоо л гэнэт санав. Түүний хэрхэн мэргэн бууддаг, ямархуу сайхан бууг эзэмшдэг, зан аяг дүр төрх нь буугаад ирлээ. Тэр Галаатай ярьж байсан Монгол зургийн үзэсгэлэн гаргах талаар хамтарч ажиллах тодорхой санал тавив. Галаа түүний яриаг анхааралтай сонсонгоо яг одоо Монгол руугаа явах гэж байна. Энэ талаар хамтарч ажиллая. Монголд очингуутаа холбоо барина. Харин ч Монгол очихоос минь өмнө ярьсан нь завшаантай юм боллоо гэж Галаа бэлэгшээв. Монголд очоод ямархуу зураг, ямар зураачид байгаа гэх мэт нөхцөл байдлыг тодорхой ярилцая гэснээр яриагаа өндөрлөлөө.

Тиймээ Галаа болон Монголчууд буцаж ирнэ. Гэхдээ энэ удаа зөвхөн ажил хөдөлмөр эрхлэх төдий бус соёл, урлаг, эрдэм мэдлэгээрээ байлдан дагуулах гэж ирнэ. Тэд одоо барууныхныг, гадаад дэлхий ертөнцийг ч, өөрсдийгөө ч гадаад ертөнцтэй харьцуулж танин, үнэлж цэгнэж сайн мэддэг, мэдэрдэг болсон. Тиймээс тэд өөр болсон. Харин барууныхан, гадаад ертөнц Монголыг сайн мэдэхгүй л байгаа. Иймээс Галаа болон шинэ Монголчуудад олон давуу тал бий болсон. Тэд үүнийгээ сайн мэдэрч өөрсдийгөө, Монголыгоо мэдүүлэх, мэдрүүлэх цаг болжээ. Галаагийн хүүхдүүд ч Австралид байгаа. Тэр үр хүүхдээ яахин мартаж чадах билээ. Бүх юм хоёр талтай. Түүнтэй хамт бурхан нь ч, чөтгөр нь ч явж байгаа. Алийг нь сонгохоо тэр л өөрөө мэдэж хувь тавьлангийн замаа зурна. Хэдийгээр бурханы тал руугаа хэлтийхийг хүсэх ч, хэзээ ч чөтгөрлөг талаасаа салж чадахгүй нь амьдралын бодит үнэн. Түүний зам бусдынхтай л адилаар шулуухан дардан байж чадалгүй муруй суруй, тахиралдаж нугаралдах нь ойлгомжтой.

Ааяа амьдрал чи яасан сайхан, амьдралын гоо сайхныг мэдрэх ямар гоё юм бэ?

2011 оны 07 сарын 03

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: